
Өнө эртнээс өртөө шуудангийн арвин түүхтэй Монгол оронд 1920-иод оны дундуур буй болсон шинэлэг хэдэн зуйлийн нэг нь шуудангийн үндэсний марк эхлэн гарсан явдал билээ.
Олон улсын шуудан харилцааны нийтлэг журмаар шаардагдсан энэхүү маркийг бий болгох тухай асуудал бүр 1922оноосэхлэн тавигдаж, түүний утга санаа, зураг төслийг хэмжээт эрхт Богд хааны зөвлөмжөөр сонгон авсан бөгөөд улмаар өнгө, хэмжээ, нэрлэсэн үнэ зэргийг зохион боловсруулж, засгийн газрын гишүүдийн 1923 оны 11-р сарын 15-ны өдрийн 44-р хурлаар хэлэлцэн баталжээ.
Маркийн зураглалын нэр, агуулгын тухайд гэвэл 2500 гаруй жилийн тэртээ Энэтхэг оронд Буддагийн шашны зориулалтаар анх гарч, дараа нь түвдээр дамжин Монголд бурхны шашин лугаа хамт ирсэн «ЕЛДҮБ-ВЧИР» хэмээх санскрит нэртэй дүрс зураг бөгөөд монголчууд бага хувирган «Элдэв-Очир» гэх буюу «Нацагдорж» гэж түвдээр нь нэрлэж заншжээ.
Элдэв-Очир нь «Мөнхбат» хэмээсэн агуулгатай тул, ямагт дийлдэшгүй бат байхын бэлгэдлээр Богд хаант Монгол улсын цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсанд уг тэмдгийг зурж хадаж байснаас гадна, үүрд дурсгагдаж байхын тулд 1913 онд «ЭРДЭНИЙН ОЧИР» хэмээх гурван зэрэг 12 дэвийн одон тэмдэг буй болгож, Богд хааны зарлигаар гадаадын эрхэм дээд язгууртан тушаалтан нарыг шагнаж байжээ.
Монгол шуудангийн шинэ үеийн батламж болох маркийн зургийг сонгохдоо ч өмнөх уламжлалыг хадгалан, улсынхаа алдар сүрийг олон улсын дунд мөнх мандуулж байхын үүднээс «ЭЛДЭВ-ОЧИР»-ын зурагтай гаргахыг зохистойд үзсэн байх бөгөөд хуудасны төв дунд уг дүрсийг байрлуулан, дээд хоёр буланд «ПОЧИТ», «МАРК», доод хоёр буланд «ЦЕНТ», «ДОЛЛАР» хэмээн монгол үсгээр, доод захын гол хэсэгт англи үсгээр тус тус бичиж, марк тус бүрийн үнийг дээд хоёр буланд монгол тоогоор, доод хоёр буланд арав тоогоор бичээд, үндэсний шинэ мөнгөн тэмдэгт гарч амжаагүйг харгалзан тухайн үеийн өндөр ханшит америк долларын системээр нэрлэсэн (номинац) үнийг тогтоохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү батлагдсан зургийг Орос улсын байгууллагаар зуучлуулан, гадаадын пүүст захиалан хэвлүүлээд 1924 оны 7 дугаар сарын 1-нд 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын 7 нэрлэсэн үнэтэй бор шаргал, цагаан, хөх, улбар, цайвар шаргал таван өнгө ялгарсан нэгэн багц марк болгож шуудан үйлчилгээнд анх гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад явдлын яамнаас 1924 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичигт дурдсан байдаг.
Албан ёсны энэ 7 маркаас гадна, шүдлэгдээгүй буюу дундуураа хөндлөн, босоо шивэгдсэн, үсэг тоо нь хазгай давхар хэвлэгдсэн зэрэг хувилбарууд мэр сэр байдгийг стандартын бус гэж үздэг ч гэсэн марк үйлдвэрлэлийн шат дамжлалгыг судлахад болон цуглуулгын баяжилтад сонин үзмэр болгон ашигласаар иржээ.
«МАРК» хэмээх нэр үг, монгол үгсийн санд байхгүйгээс эхэн үедээ чухам ямар утгатай юу болохыг хүмүүс тэр бүр ойлгохгүй байсантай холбогдон, «ЭЛДЭВ-ОЧИР» марк дээр «УЛСЫН ТЭМДЭГ» гэсэн үгтэй жижиг дугуй тэмдгийг улаан өнгөөр дарж хэрэглэх удаа байсан бөгөөд дараагийн 2 дахь багц соёмбот маркийг «УЛСЫН ТЭМДЭГ» гэсэн бичээстэй болгон хэвлэсэн байна. Харин энэ нэр цаашдаа баттай хэвшсэнгүй марк нэрээрээ үлджээ.
Анхны ба дэд цувралын 2 багц маркийн хуудсанд Монгол Улсын нэр бичигдээгүй нь тухайн үед Монгол оронд төр, нийгмийн шинэчлэл явагдан, улсын хуульчилсан нэр алдар хараахан тогтоогдоогүй байсантай холбоотой бөгөөд энэ нь маркийн төсөл батлагдсанаас бүтэн жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурал (1924-11-26)-д тус улсын албан ёсны нэрийг «БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС» хэмээн тунхагласнаар нотлогддог билээ.
ЭЛДЭВ-ОЧИР нэртэй анхны монгол марк хэвлэгдэн гарсан нь Монгол Шуудангийн түүхэнд шинэ хуудас болсноор барахгүй шуудан харилцааны орчин үеийн үйлчилгээг өндөр соёл, итгэмжит баталгаатай болгож, тусгаар тогтносон Монгол улсын алдар хүндийг дэлхий нийтэд зарласан нэгэн шинэ тунхаг болсон юм.